АНГЛИ ВАЛЬС
19-р зууны эхээр Вальзен бүжиг Герман, Австрийн олон нутагт тэр нутгийнхаа нэрээр нэрлэгдэн, янз бүрийн хувилбараар дэлгэрч байлаа. Дээд Австрид "Ландль об дер Эннс" хэмээх хэлбэр нь дэлгэрч, Ландлер гэдэг хураангуй нэрээрээ танил болжээ.
Эхэндээ Ландлерийг хүнд гуталтай хийдэг байсан ба догонцох, хавсрах, дэвсэх алхалтуудтай, гар доогуур эргэх цогц эргэлтүүдтэй бүжиг байв. Гэвч 1800 оны үед Вальзен шиг гулсалттай хурдан эргэлдэх хөдөлгөөн бүхий алхалтуудтай болж, бүжиглэх үедээ гялалзсан гутал өмсөцгөөх болов. Хэмнэл нь Вальзенгаас удаавтар байсан байна.
1870 онд Венийн вальсны минутанд 90 цохилттой, удаавтар, намбалаг хэлбэр нь Америкт хувьсан хөгжиж Бостон нэртэй болжээ. Вальсны энэ хувилбар нь эргэлдэх хөдөлгөөнүүдийг хэвээр хадгалж, хосууд алга болон ташаагаараа нийлэн бүжиглэх болж, шинэ хөдөлгөөнүүдээр баяжигдав. Бас нэгэн зүйл нэмж дурдахад, Бостоны бусад бүжгүүдээс ялгарах онцлог нь хөлөө параллель тавидагт оршино.
Вальсны одоо цагийн хэлбэрийг 1910 оны үед Англи улсад Ландлер, Бостон хоёроос үүссэн гэж үздэг. Бүжиглэгчид удаан хэмнэлийн давуу талыг ашиглан шинээр олон олон хөдөлгөөн бий болгодог нь уг бүжгийг бүжиглэх, үзэж харахад илүү сонирхолтой болгож байна.Удаан вальс XIX зууны 10-аад оны үеэс Английн Бостон хотод өргөн дэлгэр хөгжсөн. Энэ нь дээдсийн зэрэглэлийн бүжиг гэж тухайн үедээ нэрлэгдэж байсан. Удахгүй энэ нь нийтийн хүртээл болсон төдийгүй эстрад хөгжмийн санд үнэтэй хувь нэмэр оруулсан.
Удаан вальс усны шуугиан, далайн давалгаа, тэмүүлэл, тэнгэрлэг, эрхэмсэг байдлыг ихээр илтгэдэг. Хүний дотоод ертөнцийг нээхэд ихээхэн нөлөөлдөг учир мэргэжлийн бүжигчид гаргаж чадахгүй тохиолдол ч байдаг.
Хөгжмийн хэмжээс нэг минутанд 30-31 акт байна. Далайн давалгаа байдлаар өсгий, өлмий, гишгэлтийг сайн анхаарч бүжиглэх шаардлагатай болдог. Цээжний ганхсан хөдөлгөөн нь усан дотор хөвж буй завь мэт туялзан ганхах хөдөлгөөнөөр хийгдэнэ.
Тиймээ энэ бол яахын аргагүй тансаг, гоо сайхан, уян налархай бүхний илэрхийлэл болсон удаан вальс. Ингээд энэ удаагийн удаан вальсны бүжгийн аяны багцыг танд хүргэж байна. /Dancesport.mn/






